Музейн Идшинноров: Лувсанчоймбол гуайд насан турш баярлаж явдаг
Идшинноров ингэж ярих дуртай. Учрыг нь сонирхвол ийм түүхтэй аж. Тэртээ 1963 оны хавар Идшинноров их сургууль их сургууль төгсөх улсын шалгалтаа өгдөгийн даваан дээр нэг зүдэг муу юм болж. Өдгөө Идшинноров Токио, Сөүл, Бээжин, Ром, Москва, Варшав, Санкт-Петербург, Кызыл, Хөх хотод олон танилтай, заримд нь хэд дахин очсон. Харин 1963 оны хавар Их сургуулиас “эсэргүү”-ийн хэрэгт холбогдон хөөгдөж байхдаа дэлхийн том том хотоор явж, улс Монголынхоо түүх соёлыг сурталчилна гэж түүний зүүд зөнд яахин орох билээ.
1963 онд Д.Төмөр-Очирыг улс төрийн хэргээр хилс буруутгасны дараа улсын их сургуулийн багш оюутны дотроос хань хамсаатан хайж, нэг ёсны цэвэрлэгээ хийжээ. Тэгэхэд Идшинноров “ам цуурсан” (үнэндээ бол үнэн л юм ярьсан) хэмээгдэж сургуулиасаа хөөгдөж хотын хуралдааны авто баазад слесарь болжээ. Таван сар ажиллаж байтал тэр үеийн хотын гүйцэтгэх захиргааны дарга М.Лувсанчоймбол түүнийг дуудаж өөрийнхөө референт болгов. Ингэж Лувсанчоймбол иргэний зориг гаргаж өөд нь татаагүй бол өдийд би ямар явахыг хэн тааварлах билээ гэж Иддшинноров хуучлах дуртай. Удаагүй Лувсанчоймбол түүнийг Их сургууль шалгалт өгүүлэн төгсгөж хотын музейд ажиллуулсан аж. Ийнхүү Идшинноров 1964 оноос музейтэй ажил амьдралаа холбож “музейн” гэдэг овогтой болсон юм.