Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Г.Тогтох: Хотын даргын тухай дурсамж.
Би УБ хотын худалдаа удирдах газрын дарга бөгөөд хотын АДХГЗ-ны орлогч даргаар хэсэг хугацаанд УБ хотын дарга байсан С.Батаа, Н.Цэнд, М.Лувсанчоймбол нартай хамт ажиллаж байв. Эдгээр дарга нараас М.Лувсанчоймболтой арай удаан хамт ажиллаж байсан. Дээрх дарга нарын өгсөн үүрэг даалгаврыг ёсчлон биелүүлж, зохицон ажиллаж тэр дарга нарын хэн ч ажлын төлөө зүтгэдэг байсан.
М.Лувсанчоймболын хувьд яривал ажил амжуулахын төлөө ялангуяа өөртөө зөв гэж чиглэсэн ажлаа заавал гүйцээхийн тулд үнэхээр мэрийн хөөцөлдөж ямар ч саад тохиолдсон ч давж гарахыг боддог байв. Давдаг ч байсан. Жишээ нь УБ хотод зочид буудал ховордсон үед одоо хотын Гүйцэтгэх Захиргааны контор нь хотын нилээн тохилог гол зочид буудал байсныг контороо болгоно гэж ёстой зогсоо зайгүй хөөцөлдсөөр байгаад авч байсан хүн дээ.
Лувсанчоймбол даргыг их хэрүүлч гэдэг байсан. Хэрүүлч нь ч хэрүүлч байсан гэхдээ Лувсанчоймболыг хувийнхаа эрх ашгийн төлөө хэрэлдэж байхыг би огт үзээгүй.
Лувсанчоймбол бол хот нийгмийн аж ахуйг хөгжүүлэх нэгэнт бүтээсэн зүйлээ хайрлаж хамгаалах, үүний тулд албан байгууллага, иргэдийн хариуцлагыг өндөржүүлэхийн төлөө их зүтгэсэн хүн. Хаана аль район, аль байгууллага, хороо гудамжинд хог их, ариун цэвэрч биш тэр ч байтугай гудамжаар зарим зорчигчид хог новш хаяж байгаа нь харагдвал бурууг нь заавал хүлээлгэдэг. Жижиг ч гэсэн зөрчил гаргасан хүнийг албан тасалгаандаа оруулж буруушаан зэмлэж байх нь надтай мөн ч их олон тохиолдож байсан.
Лувсанчоймбол бол үнэхээр өндөр шаардлагатай, өгсөн үүрэг, тавьсан шаардлагаа заавал эргэн шалгаж дүгнэдэг хатуу зарчимтай байв. Хотын район гудамж, орон сууцны тохижилт нийгмийн аж ахуйн бүрэн бүтэн байдал, ариун цэврийн талаар уралдаан зарлаж, орлогч хэлтсийн дарга нарыгаа оролцуулан үзлэг шалгалт хийж, сайныг нь урамшуулан мууг нь ёстой доргиж донстол, үнэхээр гэмшиж буруугаа хүлээхээс өөр аргагүй зэмлэл өгч, арга хэмжээ авч бүр хамгийн адаг байранд орсонд нь хиймэл том гахай хүлээлгэн өгч машинд ачиж аваачаад хашаа байранд нь тавьдаг байсан. Ингэхлээр тэр гахай авсан байгууллага түүний хамт олон гахайнаасаа үнэхээр жигшиж түүнээсээ салахын тулд ажлаа богино хугацаанд сайжруулж өнөө гахайгаа эргүүлж авахыг хүсдэг байв. Иймд тэр гахайг анх хүлээлгэн өгөх, эргүүлж авахад Лувсанчоймбол дарга өөрөө юмуу орлогчоо явуулж хамт олны цуглаан хийлгэж анх өгөхдөө ажлаа сайжруулах шаардлага тавьж, эргүүлж авахдаа дутагдлаа тодорхой бага хугацаанд зассан явдалд баяр хүргэж цаашид ололтоо бэхжүүлж ажиллахыг хүссэн яриа хийдэг байв.
Ер нь тэр үед байгууллагууд хиймэл гахайнаас их жигшдэг тэр байгууллага гахай авч гэх шуугин ярьдаг байж билээ. Үүнээс гадна ОСГ-ын хороодын дарга, ариун цэврийн байцаагч нар сайн ажилладаг, тэдгээрийн үгээр хогоо аль тохиолдсон газраа хаядаггүй дэг сайн байсан даа. Хүнийг хариуцсан ажил руу нь шахаж, бие даалгаж ажиллуулах талаар их анхаардаг байсан. Жишээ нь Хотын эрүүлийг хамгаалах газрын дарга, ХГЗ-ны дарга Ж.Шагдарсүрэн бид хоёрыг нэг биш удаа хамт байлгаж худалдаа эрүүлийг хамгаалах байгууллагын ажлын ололт дутагдлыг тодорхой ярьж зөвлөлгөө өгдөг байсан. Тэгэхдээ худалдаа эрүүлийг хамгаалах аль аль талын мэргэжилтэй хүний зөвөлгөөг сүрхий анхаарч хүлээж авдаг. Итгэл найдвар өгч ажилладаг хүн байсан юм. Жишээ нь: надад ярихдаа
- би тэр худалдаа нийтийн хоолны чинь ажлыг сайн мэдэхгүй чи өөрөө явж мэддэг, шийддэг хүнтэйгээ уулзаж, шаардлагатай хуралд нь оролцож ажлыг бие даан хөөцөлдөж асуудлыг шийдүүлж ажиллах хэрэгтэй гэж даалгадаг байсан. Би ч өгсөн үүргийн дагуу худалдаатай холбоотой үйлдвэр ХАА-н албан байгууллагууд Төв Хороо, Сайд нарын зөвлөлийн (хуучин нэрээр) худалдаа хариуцсан хүмүүстэй асуудлаа танилцуулан зайлшгүй хэрэгцээтэй асуудлаа тавьж нийслэлийн худалдааны цэг салбаруудыг өргөтгөх ялангуяа худалдаа нийтийн хоолны материал техникийн баазыг бэхжүүлэх мах ногооны зоорь бариулах зэрэг асуудал шийдүүлчихээд илтгэж мэдэгдэхэд инээгээд маш их баярлаж байдагсан.
Лувсанчоймбол ямар ч ажилд түргэн шуурхай. Үглээд суух дургүй, сайн муу буруу зөвийг ялгах хувийн тэмдэглэл маш сайн хөтөлдөг. Тэр тэмдэглэлдээ хүнд өгсөн үүрэг даалгавраа заавал эргэн шалгаж дүгнэдэг. Ажлын онолын арга барилтай хүн байсан даа.
Нийслэлийн УБ хотыг тохижуулан хөгжүүлэх, ялангуяа хот нийгмийн аж ахуйг хайрлан хамгаалан, ариун цэвэр үйлчилгээ, сахилга дэг журмыг сайжруулахын төлөө шулуун шударга үйл ажлаараа Лувсанчоймбол чухал хувь нэмэр оруулсан хүний нэг мөн.
Г.Тогтох
1994-7-31