МАХН-н нарийн бичгийн дарга, УТТ-ны гишүүн С. Жалан-Аажавын М.Лувсанчоймболын тухай дурсамж
М.Лувсанчоймбол Улаанбаатар хотын АДХ-ын (хуучин нэрээр) Гүйцэтгэх Захиргааны даргаар ажилласан хугацаандаа Улаанбаатар хотыг хөгжүүлэх үйлст багагүй хувь нэмэр оруулсан юм. Нийслэлийн дарга байсан хүмүүсийн дотроос М.Лувсанчоймболын талаар тэмдэглэж хэлэх ёстой нэг онцлог зүйл бол тэрээр Улаанбаатар хотын Гүйцэтгэх Захиргаа бол нийслэлийн бүх ажлыг удирдан зохион байгуулах гол газар буюу жинхэнэ эзэн нь байх ёстой гэдэг байр сууринаас хандаж ажлаа явуулдаг байсан явдал юм. Жишээ нь: Нийслэлийг тохижуулах бүх төрлийн үйлчилгээг өргөтгөж хөгжүүлэх, сайжруулахтай холбогдсон бүх асуудлыг хотын Намын хорооноос хэзээ юу хэлэхийг нь хүлээж суухгүй уг ажлын санаачлагыг өөртөө авч биеэ дааж шууд хийж гүйцэтгэдэг байсан явдал юм.
Түүнчлэн тус улсын бүх яам, улсын хороод, тусгай газрууд нийслэлийн нутаг дэвсгэр дээр байрлаж үйл ажиллагаагаа явуулдаг учраас тэнд ажиллаж байгаа хүмүүс, нийслэл хотын иргэд учраас нийслэлийн амьдралтай холбогдсон бүх асуудлаар хотын захиргаанаас гаргасан аливаа шийдвэрийг заавал дагаж биелүүлдэг байх ёстой гэж хатуу шаарддаг байсан.
Лувсанчоймболын бас нэг онцлог чанар бол нийслэл хотын ажил амьдралтай холбогдсон аливаа нэгэн асуудлаар ямар нэгэн тогтоол захирамж, эсвэл ам шийдвэр гаргаад орхидоггүй, тэдгээрийн биелэлт, гүйцэтгэлийг хангахын тулд хатуу хяналт тавьж ажилладаг ба өөрөө биечлэн хөөцөлддөг байсан явдал юм. Жишээ нь: Бүх нийтийн субботникийн үеэр албан тасалгаандаа байдаггүй, субботник хийж байгаа газруудаар явж хүмүүстэй хамт ажилладаг байсан. Хог арилгах, цас цэвэрлэх ажлын үеэр мөн л тэнд очиж хүмүүсийг зохион байгуулах, унаа машиныг нь олж өгөх зэргээр уг ажилд биечлэн оролцож байдаг хүн байсан юм. Энэ бол удирдах ажил хийдэг хүн бүрт заавал байвал зохих чухал чанар мөн болохыг тэмдэглэж хэлмээр байна. М.Лувсанчоймбол хотын захиргааны үүрэг, хариуцлага, нэр хүндийг дээшлүүлэхийн төлөө их анхаарч олон чухал ажил хийсэн. УБ хотын Гүйцэтгэх Захиргаа одоогийн сүм музейн зүүн урьд талд байгаа хоёр давхар жижигхэн цагаан байшинд байрлаж байхдаа багтаамж муутай, тохь тухаар тун тааруухан байсан учраас Төв Хороо, Засгийн газарт тухайлбал: Ю.Цэдэнбал асуудал тавьж байдлыг сайн танилцуулж ойлгуулж чадсан учраас Сүхбаатарын талбайн баруун талд байгаа одоогийн байшинг шилжүүлэн авч засаж тохижуулан Хотын Захиргааг хүний нүүр улаахгүй сайхан байртай болгож өгсөн юм. Лувсанчоймбол дарга байхдаа Улаанбаатар хотод орон сууцны барилга бариулж, ашиглалтанд оруулах, бүх төрлийн үйлчилгээний газруудыг өргөтгөж олшруулах, тэдгээрийн ажлыг сайжруулах, нийслэл хотыг тохижуулах талаар ихээхэн ажлыг санаачлан хийж амжсан юм. Жишээ нь: хуучин нэрээр хот тохижуулах газрын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, түүний материаллаг бааз, санхүүгийн хүчин чадлыг сайжруулж, боловсон хүчнээр бэхжүүлэх асуудалд маш их анхаарал тавьдаг байсан. Улаанбаатар хотод мод тарьж ургуулах, зүлэгжүүлэх, түүнийг хайрлан хамгаалах асуудалд өдөр тутам анхаарч ажилладаг байлаа. Жишээ нь: хотын гэрэл зургийн газарт үүрэг өгч зүлгэн дээгүүр явсан хүмүүсийн зургийг авахуулж олон нийтийн цугладаг газар тавиулдаг байсан.
Лувсанчоймболын үед Улаанбаатар хот хогонд дарагдаж байгаагүй цэвэр цэмцгэр байсныг хэлэхэд хангалттай биз ээ. Хотын бүх албан байгууллагад 50 метрийн зайнд орчин тойрноо ариун цэвэр байлгах тухай хот тохижуулах газрын гаргасан зааврын дагуу тохижуулж байхыг үүрэг болгон хэвшүүлж байсан юм. Хотын дотор өдөр тутам хэдэн автобус үйлчилгээнд гарсан, мах талх гарах ёстой хэмжээндээ хүрч гарч байгаа эсэхийг хатуу хянаж шалгадаг байсан юм.
Нийслэлийн иргэдийн амгалан тайван байдлыг сахин хамгаалах, гэмт хэрэг үйлдэх, хэв журам зөрчигчидтэй тэмцэх явдалд онцгой анхаарал тавьж ажилладаг байлаа. Жишээ нь хотын гудамжаар өөрөө явж байхдаа хүний эрх чөлөөнд халдаж байгаа хүнийг хараад түүнийг дүүргийн цагдаагийн байгууллагад өөрийн биеэр аваачиж өгч байсан баримт байдаг юм.
Лувсанчоймбол бол өндөр шаардлага тавьдаг хэлсэн үгэндээ заавал хүрдэг, ажлын төлөө өөрийн бие сэтгэл санааг бүрэн зориулдаг товчоор хэлбэл өөрийгөө золиосолж ажилладаг байсан.
Нийслэлийн иргэдийн төлөө өдөр шөнөгүй анхаарал тавьж ажилладаг байсныг онцлон тэмдэглэж хэлэх хэрэгтэй гэж үзэж байна.
С.Жалан-Аажав
1994-7-30