Л. Мөнхгэрэл: Эцэг маань дуурсах алдартай хүн байсан
Бид санаандгүй тохиолоор таарч яриа маань түүний эцгийн тухай хэлбийж би сэтгүүлч хүний сониуч зангаар ийн хөөрөлдсен билээ.
Аавыгаа өөд болоход жаахан байсан ч сэтгэл зүрхэндээ хадгалж явдаг дурсамжуудаасаа ийн ярьсан юм.
- Та дарга нарын хүүхдүүдийн жишгээр сурч байв уу?
- Эхлээд 23 дугаар сургуульд орсон. Их ч сахилгагүй хүүхэд байлаа. Байнга л багш нар маань аав ээжийг дуудна. Ингээд болохгүй болохоор нь аав монгол сургууль руу шилжүүлсэн. Ард түмний хүүхдүүдийн сургуульд ирлээ. Тэгэхэд гуравдугаар ангид байлаа. Намайг эрхийн балай, даргын хүүхэд гээд л гоочилно. Өө би зодолдож гарна /инээв/.
- Эцэг эхээс хэдүүлээ вэ?
- Есүүлээ.
- Аавтайгаа холбоотой дурсамжаасаа ярьж өгөөч?
- Аав их ширүүн хүн шиг санагддаг байлаа. Намайг сургуульд ороогүй байхад бидний хооронд нэг ийм яриа болж байсныг мартдаггүй юм. Аав надаас за чи том болоод ямар хүн болох вэ гэж байна. Би онгоцны жолооч гэлээ. Чи унаад үхчихвэл яах юм бэ гэж байна. Би хариуд нь тэгвэл би гал командын жолооч болно. Аав шатаад үхчихвэл яана гээд л. Би тэр болгонд нь хэрдээ л хариулчих гээд л . ..
Энэ явдал санаанаас гардагтүй. Би хичээлд нэг их дуртай биш. Дээр нь бас сахилгагүй, гэдгээ л санадаг юм. Аав гэрээсээ Цэдэнбал даргатай ярьдаг байсан. Хэдийгээр жаахан байсан ч мэдэрдэг байлаа.
- Та аавынхаа ээж аав хоёрын тухай хэр мэдэх вэ?
- Миний өвөө Магалжав Богд хааны адууны даамал хүн байсан гэдэг. Тэр үедээ их л том алба байсан болов уу. Эмээ маань Цэрэндолгор гэдэг хүн байсан. Хүрээнийхэн уран Догоо гэж авгайлдаг байжээ. Дондогдулам хатны гутлыг оёж байсан гэнэ лээ. Тэгээд Дондогдулам хатан манай эмээд биеийн юмаа ирэхээр самбайнд шингээж өгсөн гэсэн. Тэр нь их л том хүндэтгэл юм гэнэ лээ. Тэр самбайгаа хонины сүүл хадаггай хамт өгч байсан гэнэ лээ. Одоо тэр нь аавын дүү Сэрээтэрийнд хадгалаастай байгаа.
- Тэр уран Догоо гэдэг хүн чинь Будённыд бэлэглэсэн малгайг оёсон хүн гэдэг байхаа?
- Тийм энэ малгайг оёоод бэлгэнд нэг шуудай гурил талархлын бичигтэй авч байсан гэнэ лээ. Хожим нь аав Кремлийн музейд ээжийнхээ оёсон малгай байхыг үзсэн гэдэг.
- Таны аав их том хүн байжээ?
- Миний аав дуурсах алдартай хүн байсан. Бид эцэг эхээрээ бахархдаг. Үеийн үед тэднийхээ нэр төрийг нандигнаж явах болно. Аавын минь үед ажиллаж, амьдарч байсан сэхээтнүүд хэлдэг л дээ. Өө чи чинь “заазуур” Лувсанчоймбол гуайн хүү юу, мөн ч жавхаатай хийморьтой эр байсан даа гээд дотносон танимгайрхад үнэхээр сайхан байдаг. Саяхан Сүрэн гуай, Жалан-Аажав гуай нар биднийг хүлээж авч уулзаад аавын минь тухай олон гайхалтай дурсамжуудыг ярьж өглөө. Сүрэн гуай бидэнд нэг сая төгрөг өгсөн юм. Та нар өвөөгөө ямар хүн байсныг мартаж болохгүй гэж хэлдэг. Жалан-Аажав гуайд ч бид баярлаж явдаг. Манай эгчийн гэр нь шатчихаад халаасны өрөөнд амьдарч байхад гудамжинд тааралдаад уулзаж, байдлыг нь дуулаад, шууд хотын дарга Баасанжав дээр дагуулж ороод энэ хүн хотын дарга байсан Лувсанчоймболын том охин гэж хэлсэн гэдэг. Та нарын сууж байгаа наад байрыг чинь /Одоогийн Хотын Гүйцэтгэх Захиргааны байр/ Лувсанчоймбол авч өгсөн юм шүү гэж хэлсэн гэнэ лээ. Баасанжав гуайд ч бид талархаж явдгаа хэлмээр байна. Энэ явдал эцэг минь хэн байсны баталгаа. Хэдийгээр би жаахан байсан ч гэлээ эцгийнхээ тухай олон зүйлийг ярьж чадна. Миний ах эгч ч гэсэн. Гэхдээ хамт ажиллаж, тэмцэж, бүтээлцэж явсан нөхөд нь ярьвал илүү болов уу.
Эх сурвалж: "Өдрийн сонин" №239 2000.10.11 Сэтгүүлч Б.Ганчимэг