УБ хотын АДХГЗ-н дарга М.Лувсанчоймболын 1964 онд явуулсан ажлын дүнгийн тухай тайлан илтгэл.
зохион засварлах хэлтсийн дарга
Доржбат танаа.
УБ хот
1965 -1 -20
УБ хотын АДХГЗ-н дарга М.Лувсанчоймболын
1964 онд явуулсан ажлын дүнгийн
тухай тайлан илтгэл.
1964 онд гүйцэтгэсэн ажлуудыг нэр төрлөөр нь ба мэргэжлийн чиглэлээр тодорхойлвол :
1. Хотын орон сууцны 3,4-р районы барилгажилтын зураг төсвийг барилгын зургийн институтээр зохиолгож, барилгын зөвлөл, барилгын комиссоор батлуулан зураг төсвийн үнэ 80000 төгрөгийг шилжүүлсэн.
2. Хотын 7-р районы зураг төслийн анхны эскизийг зөвлөлтийн ГИПРОГОР институтээр хийлгэж, барилгын зөвлөлөөр зөвшөөрүүлэн барилгажилтын нарийвчилсан төлөвлөгөөний ажилд оруулав.
3. Хотын 12-р районы барилгажилтын төлөвлөгөөг Москвагийн “МОСПРОЕКТ” институтээр хийлгэн мөн зохих байгууллагуудаар зургийг хянаж батлуулан ажлын зургийн даалгаврыг гаргаж өгч барилгын ажлыг саадгүй болгов.
4. БНХАУ-ын зээл тусламжаар баригдах 220 мянгатын барилгын 2-р ээлжийн барилга барих газрыг зохих байгууллагуудаар зөвшөөрүүлж хотын 5-р районд сонгон авч зургийн захиалгыг БНХАУ-ын зургийн байгууллагад шилжүүлэн өгөв.
5. Мөн ЗХУ-д 13,14-р районы барилгажилтын хэтийн төлөвлөгөөг зохион зургийн захиалгыг бэлтгэж, түүнд холбогдох эх материалыг гарган өглөө.
Дээр дурдсан 3,4,5,7,12,13,14,15-р хорооллуудад 2200000 м2 орон сууцны барилга баригдаж 230000 хүн ам оршин суух болно.
Тайлангийн хугацаанд 1291 айлын орон сууцны барилга 27,920 хүүхдийн 10 жилийн сургуулийн 3, тус бүр 120 хүүхдийн цэцэрлэг 3, 125 хүүхдийн ясли 1, гуанз, номын худалдаа 1, тус бүр 2 худалдагчтай, ХАА-н хүнсний барааны дэлгүүр 3, тус бүр 300 тн ногоо хадгалах зойр 4, халуун ус угаалга, хатаалга, үсчний барилга, бохир усны насосны зэрэг бүгд 49 тооны барилгыг хүлээн авсны гадна дулааны баруун гол шугам хоолой, аж ахуйн ус түгээгүүрийн 660мм диаметртэй Маахуурын төв шугам, 2000 мЗ-ийн ба үйлдвэрийн ус түгээгүүрийн 2000 мЗ багтаамжтай усан сан, салбар шугамын хамт, мөн 5 худгийн монтажийн ажил, мах комбинатын 5 худаг , ариутгах татуургын 9 ба 13-р цуглуулагч, 1 насосны станц, цэвэрлэх станцын контор, лаборатори, мөн 32 барилга объектын гадна холболт зэрэг ажлуудыг гүйцэтгүүлсэн.Үүнд: 2-р 40 мянгатын дуусгалаас 157 айлын сууц 3,920 хүүхдийн 10 жилийн сургууль 1, 125 хүүхдийн ясли зэрэг 5 тооны барилга, 220 мянгатын орон сууцны барилгын нэгдүгээр ээлжийн барилга угсралтын бүх ажлыг дуусгуулж, 1086 айлын сууцтай барилга 23, мөн цэцэрлэг ясли 2, гуанз кафе, бохир усны насосны станц, номын худалдаа, хүнс, үйлдвэрийн барааны дэлгүүрийн, халуун ус, үсчин, хувцас угаалгын барилгын сууц ашиглалтанд оруулсан, 220 мянгатын нийт 30 тооны барилгын талбайн хэмжээг нь 88,87 м2 болгох ба хорооллын доторхи 9537 м2 талбайтай бетон зам, галын гидрант 7, мөн замын гэрэлтүүлгийг хүлээн авч ашиглалтанд оруулсан байна. 3-р 45 мянгатын барилгыг зургийг захиалан ирүүлж, цэргийн тосгон, орон сууцны байшин, гараж. бусад үйлчилгээний барилгуудын төсвийг хийлгэсэн. Одоогийн байдлаар барилгачин цэргүүдийн орон сууц, үйлчилгээний барилгууд, гараж, зуурмагийн узел зэрэг туслах чанарын барилгуудыг хийж дуусаад, жинхэнэ барилгын ажилдаа шилжин орж байна.
Орон сууцны нэг маягийн угсармал барилгаас энэ онд 43 айлын сууц дуусгаж ашиглалтанд оруулсан.
Дээр дурдсан ажлуудыг хөрөнгө оруулалтын байдлаар дүгнэж үзвэл 1964 оны жилийн эхэнд хөрөнгө оруулалтаар хотын Гүйцэтгэх захиргааны захиалгаар баригдах шинэ ба шилжсэн барилга объектод зориулж 43310 мянган төгрөг батлагдсанаас Сайд нарын Зөвлөл, Улсын төлөвлөгөөний комиссын удаа дараагийн тогтоолоор хөрөнгө оруулалтанд оруулсан хөдөлгөөнийг нэмж хасвал бүгд 46038500 төгрөгний хөрөнгийг зарцуулж, хөрөнгө оруулалтын ажлыг 63,9% нар биелүүллээ.
Хөрөнгө оруулалтын дутуу ашигласан явдал нь барилга угсралтын материал хангамжийн баз, ажиллах хүч, ялангуяа мэргэжлийн кадр дутагдалтай байсны гадна хөдөлмөрийг муу зохион байгуулж дотоод нөөц бололцоо, техник механизмын хүчин чадлыг бүрэн ашиглаагүй, зарим барилгын төсөв зохих цагтаа багтаж гараагүй зэргээс болсон гэж үзлээ.
1964 онд хотын захиргааны харьяа барилга контор 1281 барилга шинээр барьж 1601 барилгад засвар хийж, өөрийн төлөвлөгөөг 113,2%-иар биелүүлэн, 3962,4 мян. төгрөгний ажил хийжээ. Мөн орон сууцны барилга засварын ажил 1584,5 мян. төгрөгний засварыг 83 байшинд хийсэн байна. Барилга засварын хөдөлмөрийн бүтээмжийг авч үзэхэд 7,3%-иар дээшилж,өөрийн өртгийг 0,5%-иар хямдруулан ашгийн төлөвлөгөөг 110%-иар биелүүлжээ.
Тайлангийн хугацаанд 1291 айлын сууц бүхий орон сууцны барилга 27, тус бүр 920 хүүхдийн 10 жилийн сургууль 3, тус бүр 120 хүүхдийн цэцэрлэг 3, тус бүр 125 хүүхдийн ясли 4, гуанз 2, номын дэлгүүр 1, хүнс хөдөө аж ахуй , үйлдвэрийн барааны дэлгүүр 4, халуун ус угаалгын 1, бохир усны насосны барилга 1,1200 тонны багтаамжтай ногооны зойр 4-ийг тус тус хүлээн авч ашиглалтад орууллаа.
Хот байгуулалтын ажлын чухал хэсэг болох нийслэл хотыг тохижуулах ажил нь нийтийн их өрнөлтөөр явагдсан.
Нийслэл хотыг тохижуулах субботникийн ажил нь хотын төвийг гудамж, талбай, цэцэрлэг, сад, орон сууцны хорооллын дотор мод, зүлэг тарих, зам талбай, хүүхдийн тоглоомын талбай засах, хүүхдийн тоглоомыг төхөөрөмжлөн монтажилж тавих, гэрэл дохио, услалтын системийг өргөтгөх, барилга байгууламжийн ажилд туслах чиглэлээр төлөвлөгдөн боловсруулагдаж Улаанбаатар хотын Намын Хороо, АДХ Гүйцэтгэх Захиргааны хурлаар баталж 65 байгууллагад гүйцэтгэх ажлын даалгаврыг өгч 4-р сарын 18-наас эхлэн хот тохижуулан 1964 оны ээлжит ажил 2 сарын хугацаатайгаар зохиогдсон. Хот тохижуулах субботникийн ажлын зохион байгуулалтыг сайжруулж бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор мэргэжлийн семинар зөвлөлгөөн өгөн, тохижуулалт хийгдэж байгаа гол хэсгүүдэд мэргэжлийн ба зохион байгуулж удирдах бие төлөөлөгч томилон ажлуулах, уралдааны тусгай болзлыг батлан гаргуулж нийтийн хөдөлгөөнийг өрнүүлэх зэрэг зохион байгуулалтын нилээд арга хэмжээг авсны дүнд албан байгууллагууд даалгасан үүргийг амжилттай биелүүлж хот тохижуулах субботникийн үндсэн зорилт биелэгдсэн.
Хот тохижуулах субботникийн 2 сарын ажлын хугацаанд нийслэлийн албан байгууллагуудаас давхардсан тоогоор 117,2 мянган хүн оролцож 8596 машин рейс хийж, барилгад 18718 мЗ газар шорооны ажлыг гүйцэтгэсэн 348,0 мянган м2 талбайд 52400 мод, бут, сөөг шинээр тарьж 9700 мод, бут, сөөг, ургах найдваргүй болсныг сольж, 154000 м2 талбайг үрээр зүлэгжүүлж 14,4 км хайрган зам засжээ.
1964 онд мэргэжилтэн А.М.Гусевийн зөвлөлгөөн, шууд удирдлагын дор хотын төсвийн нэг гудамжинд жигд ургац бүхий том мод тарих ажлыг туршиж 716 мод тарьсны 78% нь эхний жилийн байдлаар ургаж байна. Мөн хотын хүүхдийн төв паркийг барьж байгуулан ажлын эхэн суурийг тавьж, 17 нэр төрлийн барилга байгууламж тоглоомыг ашиглалтанд оруулж 9-р сарын 1-нд нээсэн. Эдгээрийн дүнг мөнгөөр үнэлж үзвэл хот тохижилтоор 7,0 сая төгрөгөөр үнэлэгдэх шинэ зүйлийг бүтээсэн байна.
Хот цэцэрлэгжилтийн энэ оны гүйцэтгэлийг оролцуулан 1964 оны эцэст цэцэрлэгжүүлсэн талбай 634,0 мм2, тарьсан мод, бут, сөөг, 408,3 мян. ширхэгт хүрч цэцэрлэгжилтийн төлөвлөгөөг 110,0-аас 335,0%-иар биелүүлж нэг хүнд амд оногдох цэцэрлэгжсэн талбай нь нийтдээ 8,8 м2 буюу жинхэнэ хүн амын хэрэгцээний талбай 6,8 м2 болжээ. Хот цэцэрлэгжилтийн үндсэн баз мод үржүүлэх аж ахуй нь мод, бут, сөөгийг үр, мөчир, үндсээр нь тарьж үржүүлэх , нэр төрлийг нь олшруулах ургацын талбайг сонгон авч өргөтгөх, ургацын хэмжээг дээшлүүлэхийн тулд бордож, усалж арчилсан. Мөн улиас, бургасны мөчир 258000 ширхэг арав гаруй мод, бут, сөөгний үр 505 кг түүж тариалсан ба 13768 ширхэг зулзаган мод, бут, сөөгийг шилжүүлэх, услалтын 2500 метр шуудуу татан зэргээр ургацын хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээ авлаа.
Үүний дүнд 1964 оны ургацын хэмжээ нэмэгдэж төлөвлөгөөг 103-153 хувиар биелэгдлээ. Мод үржүүлэх аж ахуйг Сэлбэ, Толгойт, Хуандайн 22,2 га талбайд 11 нэр төрлийн 1028,751 ширхэг мод 6 нэр төрлийн 637,946 ширхэг сөөг үндэс үрээр 13 нэр төрлийн 100280 ширхэг, бут нийтдээ 3 метр хүртэл өндөр 1766975 ширхэг мод, бут, сөөг ургаж байна.
Нэг наст цэцэг 1200000 ширхгийг тариалан цэцгийн мандал 272-г байгууллаа. Олон наст цэцэг 1000 ширхэг, хиймэл ба цаасан цэцэг, хиймэл ногоон мод 56000 ширхгийг хийж хөдөлмөрчид ба албан байгууллагын хэрэгцээнд худалдсан. Хотын төв гудамж талбай, цэцэрлэг сад, цэнгэлдэх хүрээлэнгүүдэд таригдсан мод, бут, сөөг, цэцгийн мандлыг арчлан хамгаалж.услах, ургуулах ажлыг амжилттай хийж, ургах найдваргүй болсон 5000 гаруй модыг сольж тарьлаа.
Хотын гэрэлтүүлгийн ажил амжилттай явагдаж гэрэлтүүлгийн цэг 1577-д хүрч байна.
1964 онд хотын нийт авто машины асфальт, цемент бетон хучлагатай зам 122,4 км, мөн талбай 115,9 м2 явган хүний асфальт ба цемент хавтан зам 74,3 км, төмөр бетон ба модон гүүр 49, цемент хоолой 73 ширхэг, борооны усан хоолой 13,4 км, автын ба цэцэрлэг сад, парк хорооллын хайрган зам 56,1км болжээ.
Тусгай даалгавраар хоёр хэсэгт 320 м2 талбай бүхий машины зогсоолын асфальт заслаа. Үерийн усанд эвдэрсэн 2-18 м-ийн модон хоолой 3-ын эвдрэлийг засаж ашиглалтанд оруулжээ.1965 оны хот тохижуулах ажлын бэлтгэлд зориулан бетон заводод захиалан явган хүний хайрган замын хашлага 20 мянган ширхгийг бэлтгэсэн байна.
Хотын дотор хийгдсэн замуудыг засах сэлбэг материал олдохгүй байсан учир бетон цутгамлын тасгийг өөртөө байгуулан ашиглалтанд оруулж замын цемент хавтан 1158 ширхэг. замын хашлага 375 ширхгийг үйлдвэрлэж гаргалаа.
Соёл гэгээрлийн талаар
Нийслэл хотын өсвөрийн залуу үеийг хүмүүжүүлэх ажилд ардын боловсролын шинэ системийн тухай хууль, хүүхэд багачуудын хүмүүжлийн талаар МАХН-ын Төв Хорооноос гаргасан захидлыг гол удирдлага болгож тэдгээрийг хэрэгжүүлэн биелүүлэхэд бүх ажлаа чиглүүлж ирлээ.
Үйлдвэр сургалтын шинэ системд шилжсэн 6 сургуулийн 9-р ангид үйлдвэрлэлтийн баазыг буй болгож зохих тоног төхөөрөмжөөр хангасны дээр үйлдвэр аж ахуй, соёл урлагийн газруудын дэргэдэх тусгай мэргэжлийн дугуйлангууд 2500 шахам хүүхдийг явуулан сургах ажлыг зохиожээ.
Мөн хөдөлмөр амралтын зуслан 13-д 3000 гаруй сурагч, 200 гаруй багшийг хувиарлан ажлуулж 78000 төгрөгийн цэвэр ашгийг улсад оруулсан байна.
Энэ хугацаанд 4 сургууль шинээр байгуулагдаж, 4 сургууль шинэ байранд орлоо. Сургууль цэцэрлэгүүдэд заах аргын дундын нэгдлүүд байгуулж мэргэжил дадлагатай сурган хүмүүжүүлэгчдээр удирдуулан багш хүмүүжүүлэгчид, сургууль цэцэрлэгүүдийг заах аргын онол практикийн хувьд удирдаж туслах төв болгожээ.
Багш нарын улс төрийн боловсрол, багшлах чадварыг нэмэгдүүлэхийн тулд онолын бага хурал 2 удаа семинар хэд хэдэн удаа зохиосноос гадна “эх орноо судлая” гэсэн экскурсийг 5 хэсэг болгон орон нутаг руу явуулж ба Сэлэнгэ аймгийн ардын гэгээрлийн ажлын туршлагатай танилцан ажил зохиожээ.
МАХН-ын Төв Хорооны захидлыг биелүүлсэн үндсэн дээр 3, 6, 14, 20-р сургуулиуд дээр хүүхдийг өдөр өнжүүлэх бүлэг байгуулсан ба нийслэлийн тэргүүний эцэг эхчүүдийн зөвлөлгөөнийг хийлгэж туршлагыг нь нийт эцэг эхчүүдэд дэлгэрүүлэн тусгай урилга гаргажээ. Эвлэл, биеийн тамирын байгууллагуудтай хамтарч хүүхдийн цанын баазыг өргөтгөн 10 гаруй сургууль дээр тэшүүрийн талбай байгуулсан байна.
Улаанбаатар хотын АДХГЗ-ны дарга М.Лувсанчоймбол