Магалжав овогтой Лувсанчоймболын товч түүх
Нэг. Миний бие 1916 онд Улаанбаатар хотын 3-р хороонд Одоогийн Сүхбаатар район төржээ. Би 10 нас хүртлээ эх, эцгийн гар дээр хүмүүжиж, 11-12 нас хүртлээ эх, эцгийн саналаар лам нэр зүүж төвд ном заалгасан. 12-16 нас хүртэл буюу 1928-1933 он хүртэл бага, дунд, багш нарыг бэлтгэх сургуульд тус, тус суралцаж байсан болно. Үүнд:
- Угаас монгол бичиг заалгасан учир бага сургуулийг нэг жилийн хугацаанд амжилттай суралцсан учир дунд сургуульд шилжин суралцав.
- Дунд сургуульд 13-15 нас хүртэл 2 жил суралцаж бүх ангиараа багш нарыг бэлтгэх сургуульд шилжин суралцсан болно. Учир нь; Тэр үед багш нарыг бэлтгэх орон тоог гүйцээх зорилготой байсан байх, шилжсэн бүх хүүхдийг дунд сургууль төгссөн гэж үзэж байв.
- Багш нарыг бэлтгэх сургуульд 15-16 нас хүртлээ суралцаж байгаад зуны амралтаар уул сургуульдаа очихын оронд цэргий алба хаах явдал сайхан санагдаж өөрийн сайн дур, эхийн таньдаг хүний зөвлөснөөр 1938 оны 4-р сарын 28-нд 16 настайдаа цэргийн албыг хааж эхэлсэн болно.
Хоёр. 16-23 нас хүртэл буюу 1933 оны 4-р сарын 28-ны өдрөөс 1939 оны 3-р сарын 1 хүртэл 7 жил Ардын цэрэгт байлдагчаас эхлээд бага, дунд, ахлах тушаалын, улс төрийн ажилтны үүргийг гүйцэтгэж ирлээ. Үүнд:
- 1933 оны 4-р сарын 28-ны өдрөөс 1-р морьт дивизийн нутгийн 2-р морьт хороонд штабын гар бичээч, номын сангийн эрхлэгчээр дэвшин ажиллаж сонгуулиар эвлэлийн товчооны даргаар дэвшин сонгогдож анх удаа дунд тушаалын улс төрийн ажилтан болов.
- 1935 оны 1-р сараас хязгаарын 18-р морьт хороонд эвлэлийн товчооны даргааг шилжин ажиллаж анх удаа тус улсын хил хязгаарыг хамгаалах үүргийг гүйцэтгэв. Мөн Чоно гол дахь хилийн сумангийн улс төрийн удирдагчийн үүргийг гүйцэтгэж тус улсын хил хязгаарыг хамгаалах хэрэгт хүчин зүтгэж байлаа
- 1936 оны 6-р сард бүх цэргийн ерөнхий сонгуулийн эвлэлийн товчооны даргаар шилжин ажиллав. Мөнх оны 8-р сард монгол ардын хувьсгалт намын гишүүнд анх элсэж, намд 34 жил болов.
- 1937 оны 8-р сараас цэргийн улс төрийн газар бүх цэргийн намын комиссын нарийн бичгийн даргаар дэвшин ажиллав.
- 1938 оны 1-р сард 1-р дивизийн 1-р морьт хорооны намын товчооны даргаар дэвшин ажиллаж анх удаа намын ажилтан болов.
- 1938 оны 4-р сарын үед Цэргийн гар үйлдвэрийн комиссаар буурч ажиллав. Учир нь; Намыг даалгаврыг үл биелүүлэх, ажил дээрээ элдэв байдлаар ялзарч байсан зарим хүмүүсүүдийг намаас сануулахаас эхлэн намаас хөөх хүртэл арга хэмжээ авсны дараа намын тайлан сонгуулийн хурал дээр намаас арга хэмжээ авагдсан тэдгээр хүмүүс, түүнийг дэмжигч хэсэг хүмүүс миний биеийг бүлэглэн шүүмжилснийг тэр үед улс төрийн газрын дарга байсан Найдан гэгч намын ажлыг завхруулсан гэдэг дүгнэлт өгч тухайн үед тушаал буулгаж ажиллуулсан юм. Тэр үед миний сууж байсан сангийн гэрийг 3 удаа шатаахыг оролдсныг өөрийн ба бусад нөхдийн сонор сэрэмжээр мэдэж энэ хорон санаатай хэрэгт автагдаагүй боловч миний хотод байдаг эх, дүү нарын гэрийг эд хогшлын хамт бүр шатааж дуусгасан болно. Болсон хэрэг явдал өдөр хоног өнгөрч намаас арга хэмжээ авагдсан тэдгээр хүмүүсийн үнэн нүүр царай яваандаа танигдаж олон түмний өмнө үзтэл тодорхой болсон учраас улс төрийн газрын дарга байсан Найдан тантай холбогдсон хэрэг учир ялгавартай байсан байна гэдэг дүгнэлт өгч 1938 оны 6-р сард бүх цэргийн жанжины тушаалаар улс төрийн газрын зохион зааварлах хэлтэст мэдээ боловсруулагч ахлагч зааварлагчаар дэвшүүлэн ажиллуулсан юм.
- 1939 оны 3-р сарын 1-нд бүх цэргийн жанжины 14 тоот тушаал ёсоор орон тоо илүүдсэн гэж халсан тухай орчлогч жанжин Лувсандонойгоос мэдэгдэл өгөхөд миний бие цэргийн “Шударга хүмүүсийг олон тоогоор найдваргүй гэж халах, хүмүүсийг хилс ташаа баривчилж байгаа нь цэргийн дээд командлал тухайлбал Маршал Чойбалсангаас наана улс төрийн эрүүл биш үзэгдэл байна” гэсэн миний хэлснийг тэр үед дүгнэхдээ;
н.Лувсанчоймболын энэ хэлж байгаа үг нь шалгарсан удирдагч Лувсандонойг эсэргүү гэж байгаа ба Маршал Чойбалсан өөрийн дэргэд үл бүтэх хүнийг авлаа гэж Маршал Чойбалсанд үл итгэх, түүний нэрийг гутааж буй ноцтой хэрэг гэж үзэж мөн оны 4-р сарын 13, 14-ний өдрүүдэд нам, эвлэлийн гишүүнээс дараалан хилс ташаагаар хөөгдөв.
Дараа нь миний бие арга буюу баривчлагдахаас болгоомжлон, үнэний эцсийг үзэх гэж Сэлэнгэ аймагт оргон зайлж, өөрийн төрсөн дүүгийн нэг өрөөнд гадагшаа ч гардаггүй, дүүгээсээ өөр хэнтэй ч уулзалддаггүй өөрөө өөрийгөө баривчилж хэдэн сарын турш нуугдаж байтал Дотоод яаманд алдаа дутагдал гарсныг Маршал Чойбалсан өөрийн биеэр зохих арга хэмжээ авч засаж байна гэснийг сонсож бүх үнэн учраа гарган Маршал Чойбалсанд өргөдөл бичиж нуугдахаа больж ил гарсан билээ.
Түүний дараахан Дотоод яам намайг дуудаж миний тухай тодорхой асууж танилцсан юм.
Дараа нь миний гомдлын мөрөөр шалган үзээд 1939 оны 11-р сард нам, эвлэлийн төв хорооны хөөх, элсүүлэх комисс, намын төв комиссын хурлаар хэлэлцэж нам, эвлэлээс хөөх шалтгаан байсангүй гэж үзээд нам, эвлэлийн гишүүнд эргүүлэн тогтоож нам, эвлэлээс хөөсөн тогтоолыг хэрэгсэхгүй болгосон билээ. Тэрчлэн ардын цэргээс орон тоо илүүдэж цэргээс бүрмөсөн халагдсан үнэмлэхийг хүчингүй болгож 1940 оны 9-р сард бэлтгэл улс төрийн ажилтан, улс төрийн удирдагч цолтойгоор цэргээс халагдаж цагаадсан.
Гурав. 1939 оны 3-р сарын 25-наас одоо хүртэл энгийн газар нам, улсын их, бага тушаалын удирдах ажил хийж ирлээ. Үүнд:
- 1939 оны 3-р сарын 25-наас улсын худалдааны санхүүгийн сургуульд улс төрийн багш, хичээл ангийн эрхлэгч.
- 1939 оны 10-р сарын 15-наас улсын худалдаа татан буугдсан учир Төв аймгийн бараа баазад барааны байцаагчаар ажиллаж байв.
- 1940 оны 1-р сарын 12-ноос Намын төв хорооны шийдвэрээр Намын төв комиссын байцаагчаар дэвшин ажилласан юм.
- 1941 оны 1-р сарын 9-нөөс Намын төв хорооны шинэ хүчний хэлтэст гүйцэтгэгч
- 1942 оны 3-р сарын 12-ноос Намын төв хорооны тэргүүлэгчдийн хурлаар миний биеийг өсөж яваа залуу боловсон хүчин гэж үзэж Намын төв хорооны шинэ хүчний хэлтсийн даргаар дэвшүүлэн баталсан юм.
- 1942 оны 9-р сарын 1-нээс шинэ хүчний хэлтсийн даргаас Аж үйлдвэрийн комбинатын тоноглолын фабрикийн аж ахуйн даргаар буурч ажилласан. Учир нь: Сэлэнгэ аймгийн эвлэлийн хорооны даргаар Гомбосүрэн гэгчийг Намын төв хороогоор батлуулахаар, эвлэлийн төв хорооны даргаас оруулсан саналыг зохих журмаар хянаж үзээд:
н.Гомбосүрэн эвлэлийн хорооны даргын ажилд тэнцэхгүй ноцтой дутагдалтай хүн байсан тул уг ажилд тавихыг татгалзаж албан ёсоор эвлэлийн төв хороонд хариу өгснийг тэр үеийн эвлэлийн төв хорооны дарга байсан хүн дургүйцэж мөн л тэр үедээ шинэ хүчний асуудал эрхэлж байсан Намын төв хорооны нарийн бичгийн даргад гомдол гаргаж Гомбосүрэнг заавал эвлэлийн хорооны даргаар тавих гэсэн эдгээр хүмүүстэй маргалдав гэж шинэ хүчний даргаас нууц алдав гэдэг өөр сэдвээр халсан юм. Бодвол тэр үеийн төв хорооны даргын нэр хүндийг хамгаалсан болов уу гэж санадаг.
- Аж үйлдвэрийн комбинатын тоноглолын фабрикт сайн ажилласан учир Аж үйлдвэрийн комбинатын захиргаанд ерөнхий норм зохиогчоор дэвшүүлэн томилов.
- 1944 оны 3-р сарын 1-нээс Намын төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний хурал дээр намайг гэнэт дуудаж миний саналыг асууж Намын шинэ хүчний дээд сургуульд оруулсан юм.
Тэр үед нөгөө Гомбосүрэн гэгч нь ажилдаа тэнцэхгүй болон халагдаж эрүүгийн гэмт хэрэгт холбогдож шүүхээр шийтгэгдсэн гэж сонссон.
Энэ учраас Намын төв хорооноос албан ёсоор төв хорооноос аппарадаас халагдсаныг цагаатгалаа гэж хэлээгүй боловч харгалзан үзсэн болов уу гэж би одоо хүртэл бодов явдаг ба би ч тэр үед гомдол гаргаагүй юм. Энэ хэрэг үнэхээр хилс ташаа хэрэгт холбогдуулсан юм.
- 1947 оны 1-р сарын 1-нээс Намын шинэ хүчний дээд сургуулиас өвчний учир нэг жилийн акт гарч Булган аймагт сүү тосны ажил хариуцсан Төв хороо, Засгийн газрын төлөөлөгчөөр 6 сар ажиллаж уг үүргийг сайн биелүүлсэн гэж Засгийн газрын хүндэт үнэмлэх, 600 төгрөгөөр шагнагдаж байлаа.
Дараа нь хотын Намын хорооны суртлын хэлтэст хотын намын гишүүдийн дугуйлангуудыг хариуцсан зааварлагчаар ажиллаж байлаа.
Биеийн эрүүл мэндийн байдал, эмч нарын зөвлөлгөөнөөр цаашид үргэлжлүүлэн суралцах болохгүй гэснээр 1947 оны 11-р сарын 1-нээс Хэвлэх утга зохиолыг хянах газар үзвэрийн байцаагчаар ажиллав.
- 1948 оны 4-р сарын 1-нээс Намын төв хорооны шийдвэрээр хотын Намын хорооны үйлдвэрийн хэлтэст даргаар дэвшин ажиллав.
- 1949 оны 12-р сарын 1-нээс хотын Намын хорооны үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн дарга, шинэ хүчний асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргаар тус, тус сонгогдон ажиллав.
- 1953 оны 1-р сарын 8-ны өдрийн Намын төв хорооны Улс төрийн товчооны 2/4 тогтоолоор Худалдааны яамны сайдаар дэвшин ажилласан.
- 1953 оны 8-р сарын 5-нд Намын төв хорооны Улс төрийн Ардын их хурлын тэргүүлэгчдийн 97-р зарлигаар Хүнсний яамны сайдаар шилжин ажилласан.
- 1957 оны 6-р сарын 10-ны өдрийн Намын төв хорооны Улс төрийн товчооны 185-р тогтоолоор Хүнсний яам татан буугдсан учир Дорноговь дахь Нефтийн үйлдвэрүүдийн удирдах газрын даргаар шилжин ажилласан. Энэ үйлдвэрүүдийг Зөвлөл холбоот улсаас манай улсад үнэ төлбөргүй шилжүүлсэн тул тус үйлдвэрийн 500 гаруй зөвлөлтийн ажилчдыг Монгол ажилтнаар солих, Монгол захиргааг шинээр байгуулж, үйлдвэрийн түргэн хугацаанд бэхжүүлэх даалгаврыг Намын төв хорооноос авч уг үйлдвэрийг хүлээлгэн өгөх Зөвлөлтийн засгийн газрын комисс хүрэлцэн ирж Монголын засгийн газрын Майдар даргатай комисст уг үйлдвэрийг хүлээлгэн өгсөн юм.
- 1958 оны 3-р сарын 28-ны өдрийн Улсын Их хурлын 3 дахь удаагийн чуулганаар Аж үйлдвэрийн яамны сайдаар дэвшин ажилласан. 1960 оны 3-р сарын 30-ны өдрийн Ардын их хурлын тэргүүлэгчдийн 81-р зарлигаар Аж үйлдвэрийн яамны сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөв.
Харин улс төрийн товчооны 75-р тогтоолоор ажилдаа тэнцэхгүй байгаа учир Аж үйлдвэрийн яамны сайдаас халсугай гэсэн тогтоол гарсныг энэ түүхийг бичих үедээ тогтоолын дугаар авах гэж мэдлээ. Энэ нь тэр үед Намын төв хорооны нарийн бичгийн дарга байсан нөхөр Цэнд, Намын төв комисст байцаагч байсан Балдорж гэгчээр олон хоногийн турш шалгуулж миний тухай материал цуглуулж дээрх тогтоолын гаргуулж амжсан бололтой.
Шалгасан материалыг тухайн үед надад огт танилцуулаагүй бөгөөд харин н.Балдорж надтай уулзаж хэлэхдээ таны ажлыг бид 5 хүн шалгасан, дотроо санал зөрөөтэй байна. Таныг сайдын үүрэгт ажлаас халахгүй хэвээр үлдээж болох байна. Гэвч та чөлөө гуйж байгаа учраас өөрчилж болох юм. Үүнийг дарга нар мэднэ гэж хэлээд хэд хэдэн асуудлыг надаас тавьсан бөгөөд тэр үед огт үндэсгүй бөгөөд гүтгэлгийн чанартай зүйлүүд байсан юм. Энэ шалгалтыг үндэс болгож ажлаас халах гэсэн нь тодорхой байсан юм.
Дараа нь улс төрийн товчоо Аж үйлдвэрийн яамны коллегийн гишүүдийг цөмийг нь дуудан ирүүлж миний тухай ярихыг тэднээс шаардлаа. Гэтэл тэд намайг муучлах байтугай намайг дэмжлээ. Мөн тэр үед Аж үйлдвэрийн яамны харьяа хот, хөдөөгийн үйлдвэрийн дарга нар хотод семинар хийж байсан учир Төв хорооны улаан буланд мөн цөмийг нь дуудан ирүүлж улс төрийн товчооны зарим гишүүд байлцаж Аж үйлдвэрий яамны ажлын тухай орлогч сайд байсан Батжаргалаар илтгэл тавиулж надаар удирдуулав.
Хурлын эцэст н.Цэдэнбал хэлэхдээ: “Үйлдвэрийн яамны ажил дээр нилээд дутагдал байна. Ажлын хэмжээ өссөн нь мэдээжийн юм. Удирдлагын ажил дээр багагүй дутагдал бий. Яамны сайдаас эхлэн яръя. н.Лувсанчоймбол ажлын шаардлагаар сайн, нэг ажлыг хөөцөлдөх юм бол эцсийг нь үзэж байдаг хүн юм. Дутагдал нь зарим үед хүний эгдүү хүрэх зүйлийг ярьж байдаг. Гол нь Лувсанчоймбол мэргэжил байхгүй ингээд намайг чөлөөлж аль гэж удаа дараа асуудал тавьсан, чөлөөлөх хүртэл ажиллаж бай гэж нөхөр Лувсанчоймболд бид хэлж байсан, харин энэ өдөр Лувсанчоймболын оронд мэргэжлийн хүн тавихаар шийдсэн, нөхөр Дамдинг яамны сайдаар томиллоо.” гэж хэлэв.
Коллегийн хурал, үйлдвэрийн дарга нарын хурлыг зориуд зохион байгуулсан нь намайг шүүмжлүүлэх гэсэн нь Цэнд болон зарим нөхдийн санаачлага болов уу гэж би одоо хүртэл бодож явдаг юм. Надад харамсалтай нь надад мэдэгдэхгүй “ажилдаа тэнцэхгүй” гэж тогтоол гаргасан, надад танилцуулаагүй миний тухай надаас нууж, шалгалтын илтгэх хуудас н.Балдорж гаргасан ба түүнд юу гэж бичсэнийг ч би одоо хүртэл мэддэггүй.
Энэ бүхнийг тэр үед Намын комисст байсан байцаагч Балдорж биечлэн хийж байсныг би сайн мэднэ. Энэ бүх хачин сонирхолтой явдалд би тухайн үед гомдол гаргаагүй болно. Учир нь: Сайдын тушаалд бэхжиж, албан тушаал хөөцөлдсөн этгээд болохгүйг бодож, үнэнч шударгаар явсан цагт учир нь олдох байх гэж үзсээр одоо болов. Энэ цуглуулсан материалд хүлээх дутагдал ч бий байх, хилс ташаа зүйл ч бий болов уу? гэж бодож байна. Ингээд 1960 оны 4-р сарын 2-ны өдрийн Улс төрийн товчооны 89-р тогтоолоор Чойбалсан аймгийн АДХГ Захиргааны даргаар шилжүүлэх томилсон.
- 1962 оны 4-р сарын 21-ний өдрийн Улс төрийн товчооны 143-р тогтоолоор Улаанбаатар хотын АДХГ захиргааны даргаар ажиллаж байгаад 1965 оны 6-р сарын 18-ны өдрийн Улс төрийн товчооны 211-р тогтоолоор биеийн эрүүл мэндийн байдлаар хотын АДХГ захиргааны даргаас чөлөөлөгдөж 3 сар шахам биеэ эмчлүүлж эрүүл мэндээ сайжирсны дараа Улс төрийн товчооны 1965 оны 11-р сарын 5-ны өдрийн 651-р тогтоолоор Дархан хотын АДХГ захиргааны даргаар томилогдон ажиллаж байлаа.
Гэтэл Дархан хотын намын хорооны 1-р нарийн бичгийн дарга байсан Чимиддорж миний тухай анх Төв хороонд мэдэгдсэнээр Улс төрийн товчоогоор яригдсаны дараа би ч Чимиддоржийн талаар гомдол гаргаснаар Намын төв хорооноос шалган үзэж дүгнэлт гаргасан юм.
1967 оны 5-р сарын 30-ны өдрийн улс төрийн товчооны тогтоолд заахдаа “н.Лувсанчоймбол ажил дээрээ шаардлагатай бөгөөд түүнийгээ сайжруулахын төлөө чармайн хөөцөлддөг боловч зан аашийн талаар зохисгүй дутагдлыг удаа дараа гаргажээ”....
“Дархан хотын АДХГ захиргааны үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.” гэжээ. Энэ тогтоолын талаар надад гаргах ямар ч гомдол байхгүй.
Уг тогтоолд гарсан гол шалтгаан нь Намын хорооны 1-р нарийн бичгийн дарга байсан н.Чимиддоржтой арга барил, аль ч талаар тохирохгүй байсан нь үнэн юм. Чимиддоржийн дутагдлыг зааж бас л ажлаас нь чөлөөлсөн юм.
- 1967 оны 9-р сарын 25-ны өдрийн намын төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 443-р тогтоолоор Монголын зурагт радиогийн захиргааны орлогч даргаар одоо ажиллаж байна.
Миний түүх бол алдар гавьяатан, төрийн том зүтгэлтний түүх биш, зөвхөн миний хувийн амьдрал, нам, ард түмний даалгаврыг биелүүлэхийн төлөө өөрийн хир хэмжээгээр зүтгэж ажилласны түүх юм.
Хэн нэгэн хүний түүх бол анкет бүртгэлийн хариу биш учраас би зарим зүйлд түүхээ будлиантуулахгүйн тулд чин үнэнээр нь тайлбарлан бичив.
Бусад зүйл анкетаар хариулагдсан тул үүгээр товчлоё.
Өөрийнхөө түүхийг эргэн харахад МАХН Төв хороо өчүүхэн надад олон жилийн турш өндөр итгэл найдварыг хүлээлгэж, амьдралын процесст тохиолдсон хилс ташаа хэргүүдийг тухайн үед үнэн зөвөөр, хар цагаанаар нь ялган тунгааж алдаа дутагдал дээр нь сургаж хүмүүжүүлсэн юм гэж бахархан нам, олон түмэндээ би баярлаж байдаг билээ. Энэ бол миний эд шидийн хэрэг биш намаас өөрийн кадрыг хичнээн тэсвэртэйгээр бойжуулан хүмүүжүүлж байдгийн түүхийг миний амьдралын түүхийн зарим хэсгээс олж үзэж болох юм.
Аль нэгэн албан тушаалтнаас тухайн үед хүнийг гомдоосон, хатуу дүгнэсэн нэг үе байхад, намаас хүнийг ажил хэрэг, улс төрийн зан чанараар нь дүгнэж халамжлан хайрлах, тэтгэн дэмжиж байдгийг улсад ажилласан 40 шахам жилийн турш нүдээрээ үзэж, биеээрээ туулж өнгөрөөв.
/Энэ товч түүхээ бичихдээ Хотын Намын хорооноос гаргасан түүхээ бичих сэдвийн дагуу бичсэн болно/.
Бичсэн: luvsanchoimbol